Хэрхэн худалдан авалт хийх вэ?

Харьцуул, бод

Юу юуны туханд хүрэлгүй дансаа хоослохын өмнө бусад онлайн дэлгүүрийн үнэ ханшийг судлаарай. Тухайн бүтээгдэхүүний загвар, хэмжээ, үнэ, хямдрал, урамшуулал, буцаалтын журам,хүргэлтийн хугацаа зэргийг нь ч бас харьцуулаад үз. Ингэж байж л та хамгийн сайныг нь сонгож чадна шүү дээ.

Найдвартай байдлыг нь шалга

Тухайн вэб хуудсанд өөрсдийн компанийн тухай танилцуулга байгаа эсэх, холбоо барих утас, факс, биет байршил нь тодорхой, үнэн зөв эсэхийг сайтар шалгаарай. Үгүй бол та хэний ч мэдэхгүй хүнд зүгээр л “бэлэг” өгчихнө шүү. Бас нэгэн чухал зүйл бол www.amazon.com, www.ebay.com зэрэг сайтуудаас худалдан авалт хийхдээ тухайн худалдагчийн талаарх бусдын сэтгэгдлийг үзэх, найдвартай байдлын рейтингийг харж хамгийн өндөр рейтинг болон эерэг сэтгэгдэлтэйг нь сонгох нь илүү найдвартай.

Вэб сайтын хаягт S үсэг нэмэгдсэн байвал танд ашигтай

Таны худалдан авалт хийхээр төлөвлөсөн онлайн дэлгүүрийн вэб сайтын хаягт https:// буюу S үсэг нэмэгдсэн байгаа эсэхийг байнга харж байгаарай. Учир нь ийм үсэг байвал таны хийх гэж буй худалдааны газар найдвартай гэдгийг илтгэж буй хэрэг юм.

Нууц үгээ хулгайд алдахаас сэргийлээрэй

Таны картын дугаар, нууц үгийг асуусан эргэлзээтэй цахим шуудан ирвэл хариу бичихээсээ өмнө тухайн худалдан авалт хийсэн компанитай холбогдоорой. Магадгүй та хакерт цахим хэтэвчээ бэлэглэх гэж байж болох юм шүү дээ. Мөн компьютертоо интернэт вирусын програм суулгах нь эрсдэлээс сэргийлэхэд тустай. Илт худал мэдээлэл агуулсан баннер, сурталчилгаан дээр дарахгүй байх хэрэгтэй. Учир нь энэ нь вирус болон хувийн мэдээлэлд халдах зорилготой хакерууд байдаг.

Хүргэлт хийдэг эсэхийг лавла

Хүргэлтийн үйлчилгээ байгаа эсэх, хүргэлтийн хугацаа, үнэ тарифын талаар болон хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрхэн хариуцлага хүлээх зэрэг нөхцөлүүдтэй танилцах нь маш чухал. Үгүй бол та худалдааны хохирогч болоод хоцорч мэдэх л юм.

Буцаалт ч бас чухал

Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн онлайн дэлгүүрийн бараа буцаалтын нөхцөлийг нь сайтар уншиж, танилцаарай. Хэрвээ таны худалдан авсан бараа сэтгэлд тань нийцээгүйгээс буцаах хүсэлтэй байгаа бол буцааж болох эсэх, хэн зардлыг нь хариуцах вэ зэргийг мэдэж байх хэрэгтэй.

Төлбөр төлөлт

VISA, MasterCard, QPay, интернет банк зэрэг онлайн төлбөр тооцооны хэрэгслийг ашиглан төлбөрөө хийх нь хамгийн найдвартай ба эрсдэлгүй юм байна.

Баримтуудаа хаях гэж яарах хэрэггүй

Интернэт банкаараа орж картынхаа үлдэгдлээ шалгаж төлбөрөө зөв хийгдсэн эсэхийг хянаарай. Мөн төлбөр төлснийг баталсан хуудсаа заавал хэвлэж баримт болгон авч байх нь эрсдэлээс сэргийлнэ.